Баянзүрх уул.

Улаанбаатар хотын зүүн урд орших сүрлэг хайрхан бөгөөд далайн түвшнээс дээш 1846 /1860/ метр өндөр. Зүүн талаараа уул толгодоор халхлагдсан, хойд талаараа модтой уулсаар хүрээлэгдсэн, хагас саран хэлбэртэй, баруун хойд талдаа туулын бургасан тохойтой. Алсаас харахад зүрх хэлбэртэй бөгөөд эртнээс цэрэг эрс эрэгтэй хүмүүст ээлтэй хэмээн домоглодог. Тийм ч учраас Хужирбулангийн цэргийн анги байрлаж олон агт адууг идээшлүүлж иржээ. Баянзүрх хайрханы сахиус нь лусын дагин ажээ. Уулыг Ар Баянзүрх, Өвөр Баянзүрх хэмээн нэрлэж, Ар Баянзүрхийг тахиж иржээ. Уу булагаас хойш Гандан уул гэж нэрлэдэг.

Баянзүрх ууланд урд болон хойд зүгрүү нислэг хийж болно. уулруу гарахад ойролцоогоор 30 минут зарцуулдаг.

Хотын төвөөс 20 км.

Салхины чиглэл: Хойд, баруун хойд, урд

Улирал: жилийн 4 улиралд нисч болно.


 

Богдхан уул, Арцатын ам

Газар зүйн нөхцөл, газрын гадрагын хувьд бол Богд Хан Уул зүүнээс баруун тийш чиглэсэн их нуруу болон түүний салбар уулсаас бүрднэ. Богд Хан Уулын хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 2268 метр өндөрт өргөгдсөн Цэцээ Гүн, 2256 метр өндөрт орших Түшээ гүн хэмээх оргилууд болно. Ер нь Богд Хан Ууланд 2000 метрээс дээш өргөгдсөн эртний тэгшрэлийн гадарга голлоно. Тэгшрэлийн гадаргын үнэмлэхүй өндөр 1800, 2000, 2200 метрийн түвшинд гурван үндсэн шатлал үүсгэсэн байна. Ойн хилээс дээш гарсан Цэцээ Гүн, Түшээ Гүн болон бусад өндөрлөгт хүйтний өгөршлийн нөлөөгөөр тагт чулуун нуранги үүссэн газар олонтой. 

Уулын байрлал хотгор гүдгэрийн онцлог байрлалаас болоод газрын гадаргын орчимын салхины горим ихээхэн өөр өөр байдаг байна. Салхины жилийн дундаж хурд 0.9-2.3 м/сек, дундаж их хурд 5 сард 1.2-4.0 м/сек, хамгийн намуун үедээ 12-1 сард 0.7-1.4 м/сек дундажтай байна

 Агаарын жилийн дундаж температур -1.5 - 3.1 хэм, нэгдүгээр сарын дундаж хүйтэн -19-24 хэм, долоодугаар сарын дундаж халуун нь +14-17.6 хэм хүрнэ.

Агаарын чийгшлийн горим нилээд өвөрмөц, агаарын чийгшил нь халуун хүйтэндээ урвуу хамааралтай байдаг. Ууланд унах хур тунадас дулааны улиралд 89.6-93.4 хувьтай. Анхны цас 9 сарын 10 орчимд орж, сүүлчийн цас 5 сарын 20 орчимд ажиглагдана.

Богд хан уулын Арцатын ам

Хан-Уул дүүргийн 4-р хороонд харъяалагдах Арцатын ам нь далайн түвшнээс дээш 1560 метр. Тус уул нь хотын төвөөс хамгийн ойр байрлах, хот дотороо байрлалтай тул амралтын өдрүүдэд нислэг хийх дуртай газар юм. Гэвч харамсалтай нь Арцатын аманд байшин барилга олноор баригдах болсноор нислэг хийх боломж нь хязгаарлагдаж байна.

Салхины чиглэл: хойноосоо салхитай үед нислэг хийж болно.

Хотын төвөөс 12 км.

Улирал: жилийн 4 улиралд нислэг хийж болно.


Горхи Тэрэлж БЦГ, Ёлт уул

Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нь Улаанбаатар хотоос зүүн тийш 50-76км газарт байрладаг. Тус газарт байрлах Чингис уулын зүүн талд Ёлт уул бий. Ёлт уул нь нислэг хийхэд тохиромжтой бөгөөд уулнаас хөөрөөд шууд өндөр авдаг.

Горхи Тэрэлжийн байгалийн сайханд нислэг хийн, морин аялал, явган аялал хийж болно. Ойр орчимд нь амралтын газар, аялагч жуулчдад зориулсан үйлчилгээ олон бий.


Бор-Өндөр хайрхан

Далайн түвшнээс дээш: 1816 м

Улаанбаатар хотоос зүүн тийш 45 км

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Улаанбаатар хотоос 45 км зайд Чингисийн хөшөөт цогцолборын зүүн талд Нислэг төвийн арын  Бор-Өндөр хайрханаас 2014 оноос хойш нислэг хийж байна. Энд Чингис хааны хөшөөт цогцолборыг үзэх, Нислэг төвд хэт хөнгөн онгоцоор нисэн байгалийн сайханг тольдох, халуун хоол, хүйтэн пиво уун, амарч зугаалахад тохиромжтой. Хойш туул гол байх бөгөөд амралт жуулчны баазууд олон бий.

 

Улаанбаатар орчмын бүс