Ханглайдинг, параглайдинг гэж юу вэ?

Ханглайдинг болон параглайдинг нь ерөнхийдөө гарааны нөхцөл (хөл дээрээс гарах), нислэг үйлдэх газар нутгийн хувьд адил төстэй боловч нисэх төхөөрөмж, хэрэгслийн бүтэц зохион  байгуулалт болоод нислэгийн хувьд өөр өөрийн онцлог талуудтай. 

Ханглайдинг

Ханглайдинг гэдэг нь англи хэлний hang- зүүгдэх, glide- гулсах гэсэн үгсээс гаралтай. Нисэх төхөөрөмжийг нь ханглайдер (hang glider) гэж нэрлэнэ.

Хөх тэнгэрт шувуу шиг халин нисэх гэсэн хүн төрөлхтний хүсэл мөрөөдлийг дүрсэлсэн Леонардо да Винчигийн таталбар зургуудаас ханглайдингийн түүх эхэлсэн гэж үзэх нь бий. Бүр манай эриний 6-р зууны төгсгөл гэхэд хятадууд дундаж жинтэй хүнийг даахуйц том цаасан шувуу хийж чадсан гэж батлах нь ч бий.

Эртний Грекийн үлгэр домогт шувууны өд, лааны тосоор хийсэн далавчаар тэнгэрт ниссэн боловч эцгийнхээ захиасыг мартан наранд хэт ойрхон ниссэнээс далавч нь хайлан, далайд живсэн Икарус хүүгийн тухай гардаг бол манай билгүүн номч Бямбын Ринчин өөрийн “Шүхэрч Буниа” тууждаа монголчууд бидний өвөг дээдэс, талын нүүдэлчин ард түмэн зөвхөн оюун санаагаараа бус бодит биеэрээ сансар огторгуйг танин мэдэж, түүнтэй харьцах арга замыг эрэлхийлж байсан тухай нэгэн домгийг өгүүлсэн байдаг.

Ямартай ч орчин үеийн түүхийн бүхий л үе шатуудад хүмүүс чөлөөт нислэг хийхийг оролдсоор ирсэн бөгөөд Леонардо да Винчигийн таталбар зургууд, Отто Лилиентал, ах дүү Райт нарын оролдлогуудаас санаа авч 1940-өөд оны сүүлчээр НАСА-гийн аэронавтикийн инженер Фрэнсис Рогалло анхны уян хатан далавчийг зохион бүтээжээ. Түүний бүтээсэн далавч юугаараа онцлог байсан бэ гэхээр, хийхэд хялбар бөгөөд өртөг багатай, урагш давшин гулсдаг, бас залж болохоор байв. Тухайн үед далавчны гулсалтын харьцаа нь 3:1 буюу чөлөөт уналтын 1 метр тутамд урагш 3 метр давших боломжтой байжээ.    

Ийнхүү Фрэнсис Рогаллогийн анхны уян хатан далавчнаас орчин үеийн гайхамшигт нисэх төхөөрөмж болтлоо хөгжсөөр байгаа ханглайдерыг өнөө цагт карбон мяндас, зэвэрдэггүй ган утас болон дакрон (далбаат завь хийдэг материал)-ыг ашиглан 20-40 кг жинтэйгээр хийдэг болжээ. Ханглайдер цагт дунджаар 32-48 км нисдэг боловч 120 км/цаг хүртэл хурдлах боломжтойн дээр гулсалтын харьцаа нь 16:1 хүртэл байна. Газрын татах хүчийг эсэргүүцэх чадвар нь нэг хөдөлгүүрт зарим онгоцноос ч их байх бөгөөд 4-5 метр урттай, 30-40 см диаметртэй цүнхэнд багтаан, машины ачаан дээр тээвэрлэх боломжтой болжээ. 

Орчин үеийн ханглайдерууд дизайн болон тоноглолын хувьд хамгийн дэвшилтэт технологийг өөртөө шингээн, маш хатуу чанга сорил шалгалтыг давж байж, нисэхэд аюулгүй гэсэн гэрчилгээг авах ёстой байдаг. Нисэгчид өндөр хэмжигч, вариометер, нөөц шүхэр, бүр компьютерт төхөөрөмжтэй нисдэг болсон. 200-300 км зайд нисэх бол тийм ховор үзэгдэл биш болсон бөгөөд 2012 оны 7-р сард Дастин Мартин 764 км нисч холын зайн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.   

Параглайдинг

Параглайдинг бол хөл дээрээс гараа үйлдэн чөлөөт нислэг хийх боломжтой хөнгөн жингийн нисэх төхөөрөмж буюу параглайдерыг амралт, чөлөөт цагаа өнгөрөөх болон тэмцээн уралдааны зорилгоор ашигладаг спортын төрөл юм. Нийлэг материалаар хийсэн далавчны доороос зүүлттэй байх суудалд нисэгч сууна. Далавчны хэлбэр нь стропнууд төдийгүй далавчны урд талын цонхуудаар нэвтрэх агаарын даралт болон далавчны гадна талаар урсах агаарын аэродинамик хүч зэргээр тодорхойлогдоно.

Хэдийгээр моторгүй ч гэсэн параглайдераар олон цаг нисч, олон зуун километрийг туулж болно. 1-2 цагийн дотор хэдэн арван километр замыг туулах нь бараг л хэвийн үзэгдэл болсон байна. Өргөлтийн эх үүсвэрийг чадамгай ашигласнаар нисэгч хэдэн мянган метрийн өндөрт ч гарч болно. 

Параглайдингийн үүслийг мөн л Сэргэн мандалтын үед Леонардо да Винчигийн зурсан шүхрийн таталбар зургуудтай холбож үздэг. Дэлхийн 2-р дайны үед шүхрийг өөрчилж сайжруулах оролдлогууд хийгдэж байсантай ч холбодог. Анх НАСА-гийн сансрын капсулыг эх дэлхийд буулгах зориулалт бүхий далавчийг зохион бүтээж, тэр далавчаараа 60-аад оны дундуур АНУ-ын цанын баазууд дээрээс гараа үйлдэж байсан Дэйвид Баришыг магадгүй параглайдерыг үндэслэгч гэх байх. 

Өнөөгийн бидний мэдэх параглайдерыг амралт, чөлөөт цагийг өнгөрөөх спортын төрөл болгосон нь 1978 онд Францын Мюси хотод эхэлжээ.1980-аад оны дундуур үйлдвэрлэгчид далавчны дизайнаа сайжруулж, халин нисэх боломжтой болгосноор Франц, Швейцарийн Альпад хурдацтай дэлгэрсэн ажээ. 1980-аад оны дунд үеэс төгсгөл хүртэл параглайдинг АНУ-ын олон газраар тархаж,1990-ээд онд хамгийн их түгсэн байна.

Хувь хүний сонголтоос хамааран далавч хэрэгсэл нь бүхэлдээ 11-22 кг буюу үүргэвчинд багтахуйц учраас параглайдинг дэлхий даяар асар их тархаж байна. Нисэхэд хэрэгтэй бүхий л хэрэгслээ үүргэвчиндээ хийгээд л онгоц, машинаар хүссэн газартаа очиж нисэх боломжийг параглайдинг олгодогоороо давуутай. Хөнгөн жинтэй далавч хэрэгсэл нь уулын орой руу алхаж гараад тэндээсээ нисэхэд тохиромжтой. Гэхдээ агаарын спортын аль ч төрлийн нэгэн адил параглайдинг цаг агаарын нөхцөл, нисэгчийн ур чадвар, төлөвшил, зөв шийдвэр гаргах чадвараас ихээхэн хамаарна. 12-80 настай хэн ч байсан энэ спортоор хичээллэх бүрэн боломжтой.

Ханглайдинг, параглайдингийн ялгаатай талууд

Төхөөрөмж: Ханглайдер голдуу 22-оос дээш кг жинтэй, мөрөн дээрээ тэнцвэртэй тогтоон авч явж болдог, машинаар тээвэрлэх тохиолдолд тусгай ачаатай байх шаардлагатай. Харин параглайдер бол 22-оос доош кг жинтэй, үүргэвчинд хийж үүрэх, машин дотор тээвэрлэх боломжтой.

Бэлтгэх хугацаа: Ханглайдерыг тээвэрлэхдээ эвхэж явах бөгөөд гараанд бэлтгэж дэлгэхэд 15-20 минут шаардагдана. Параглайдерыг угсраатай чигээр нь ч үүргэвчинд багтааж болох бөгөөд нислэгт бэлдэхэд 5-10 минут л хэрэгтэй. 

Нислэг: Ханглайдер бол илүү шулуун чиглэлтэй, өндөр хурдаар, гулсалтын харьцаа ихтэй нисдэг. Харин параглайдерын нислэгийн хурд удаавтар байх учраас бага талбайд ч газардах боломжтой.

Урт хугацаанд холын зайд нисэхийн тулд далавч хангалттай өндөр авах, эсвэл авсан өндрөө алдахгүй байх ёстой. Ханглайдер, параглайдерын аль нь ч моторгүй учраас энэ нь бэрхшээлтэй байдаг. Агаарт гарсан далавч дэлхийн татах хүчинд автан байнга доошилно. Үүнийг давах ганц арга бол далавчны доошлох хурдаас илүү хурдтай дээшилж буй агаарын урсгалд орох. Ингэж чадвал далавч өндөр авах, эсвэл ядаж авсан өндрөө алдахгүй байж чадна. Үүнийг 2 замаар хийж болно. Эхнийх нь, дээш дэгдэж буй дулаан агаарын эргэлдэх урсгал буюу термикт (thermal) далавчаа оруулж дээшлэх. Хоёрдахь нь, уулын хярыг цохин дээш өндийх салхины урсгалд орж өндөр авах. Дээшээ чиглэлтэй агаарын урсгал дотор байгаа далавч өндрөө алдахгүй боловч түүнээс гармагц өндрөө бага багаар алдаж эхэлнэ. Термикт шувуутай хамт эргэлдэн, уул нуруудын дээгүүр алсыг тольдон нисэх нь хэзээ ч мартагдахааргүй дурсамж биш гэж үү!

Ханглайдинг, параглайдингийн спортоор олон янзын түвшинд хичээллэж болно. Уул толгодын оройгоос бэлд нь хүртэл гулсан буухдаа таашаал авах нэг хэсэг байхад зарим нь хярын салхинд өргүүлэн халин нисэхийг таашаах нь ч бий. Бүр хэдэн мянган метрийн өндөрт гарч, хэдэн зуун километрийн зайд нисэх нь ч бий. 2018 оны 1-р сарын байдлаар параглайдераар 564 км, ханглайдераар 764 км ниссэн дэлхийн дээд амжилтууд бүртгэгдсэн байна. Энэ бол ахиц дэвшил гаргаж болдог спорт бөгөөд үнэхээр насан туршдаа суралцаж, насан туршдаа хичээллэж болдог спортын төрөл юм.