Монголын параглайдингийн спортын түүх, үүсэл хөгжил

1996 онд Францын Маркштейн Чөлөөт Нислэгийн сургалтын төвийн багш Филипп Марк Монголд хүрэлцэн ирж хамтарсан чөлөөт нислэг хийж байжээ. Тэр үед Францын National Popular Bank-ны сурталчилгааны зураг авалтанд Филипп Маркийн хамт А.Александр, Алинзул, Цогбадрах 4 делтапланаар нисч байсан бөгөөд одоо ч  тус банкны үүдэнд тэдний нислэгийн зураг байдаг.

Тэд Баянзүрх, Сутай хайрхан, Бор-Өндөр зэрэг олон газар нислэг хийж байсан бөгөөд 2001 онд Отгонтэнгэр хайрханы цас мөсний захаас буюу мөнх цасны доохноос нислэг хийж байжээ.

2013 оноос шинэ үеийхэн гарч ирснээр параглайдингийн спорт эрчимтэй хөгжиж байна. Монголын Ханглайдинг, параглайдингийн нийгэмлэг байгуулагдан өмнө нь тус спортоор хичээллэж байсан ахмад нисэгчдийг цуглуулан нэгэн гэр бүлийг бий болгон хамтдаа нислэг хийж байна. Мөн Монгол параглайдинг клуб байгуулагдан анхан шатны сургалт явуулж, сонирхогчын тандем нислэг хийж байна.

Манай нийгэмлэг нь Монголын агаарын спортын холбооны бүрэлдэхүүнд багтан  Дэлхийн агаарын спортын холбоо (FAI)-д гишүүнээр 2017 онд элссэний үр дүнд манай тамирчид FAI-ны санкцтай олон улсын тэмцээнүүдэд оролцох боломж бүрдэж, тодорхой амжилтууд гаргасаар байна. Зөвхөн 2018 онд гэхэд манай шигшээ баг Тайландад болсон Ази-Далайн орнуудын Параглайдингийн цэгэн буултын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн, Казахстан болон Албани, Турк улсуудад Цэгэн буултын дэлхийн цомын тэмцээн, Индонезид Азийн наадамд цэгэн буулт болон холын зайн нислэг гэсэн 2 төрлөөр тус тус амжилттай оролцоод байна.

Манай нийгэмлэгээс жил бүр Параглайдингийн фестиваль, Параглайдингийн улсын аварга шалгаруулах тэмцээн, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн, нислэг аяллууд зэрэг олон арга хэмжээг санаачлан зохион байгуулж олон нийтэд спортоо таниулсаар ирсэн билээ. Монголд одоогийн байдлаар параглайдингийн 60 гаруй нисэгчид байдаг.

Рекорд

Монголд одоогийн байдлаар нислэгийн дээд рекордыг А.Александр тогтоосон юм. Тэрээр Чингисийн хүрээнээс хөөрч Хүүшийн ам, Зайсан, Баянзүрх, Зүрх уул, Тэрэлжийн тамгат, Зайсан, Нарантуул захын чиглэлд нисч нийт 72 км нислэг хийж байжээ.

Мөн Ховд аймгийн Цэцэг нуурын араар Сутай хайрханы чиглэлд 93 км нисч байсан юм.

Үүсэл хөгжил