CIVL SafePro Para гэж юу вэ?

CIVL буюу Commission International de Vol Libre нь FAI-ийн агаарын спортын 12 салбар хорооны нэг бөгөөд  ханглайдинг,параглайдингийн спортыг хариуцдаг, 1975 онд байгуулагдсан, төв нь  Швейцарын Лоузаэн хотод байдаг. Харин FAI нь 1905 онд Францын Парис хотод анх байгуулагджээ.

CIVL SafePro Para хэмээх энэхүү баримт бичигт Параглайдингийн спортын хүрээнд FAI-аас зөвлөмж болгож буй нислэгийн аюулгүй байдал болон нисэгчийн ур чадварт тавигдах стандарт шаардлагуудыг багтаасан бөгөөд хамгийн шинэхэн буюу 2017 оны 3-р сарын 7-нд шинэчлэн баталсан хувилбар нь энэ юм.

CIVL SafePro Para болон IPPI карт (Олон улсын нисэгчийн ур чадварын үнэмлэх)

IPPI картыг анх 1992 онд гаргаснаас хойш дэлхий даяарх ханглайдинг, параглайдингийн холбоод, нисэгчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү үнэмлэхний ач тусыг хүртэж байна.

Бүх улс орнуудын үндэсний хэмжээний чансаа тогтоох хөтөлбөрүүдийг олон улсын стандарттай харьцуулан харах боломжийг IPPI карт олгодог. Уг картан дээрх мэдээлэл нь нисэгчийн ур чадварыг илэрхийлнэ. Орон нутгаасаа өөр газар нисч байгаа нисэгчийн хувьд өөрийн туршлага болоод ур чадварыг батлах хамгийн эхний бөгөөд энгийн арга нь энэхүү карт юм.

Гадаад улс оронд аялахдаа өөрийн улсдаа чансаагаа тогтоолгосон үнэмлэхний хамт IPPI картыг авч явах нь нислэг үйлдэх зөвшөөрөл олгох эрх бүхий талбайн менежер, зааварлагч болон ханглайдинг, параглайдингийн нислэгийг зохицуулдаг бусад хүмүүст нисэгчийн туршлага, чадварын түвшинг шалган баталгаажуулах боломжийг олгодог.

IPPI карт нь зөвхөн тухайн нисэгчийн улсынх нь лиценз, эсвэл чансаа тогтоосон үнэмлэхний хамт хүчинтэй. 2015 оны 10-р сараас эхлэн IPPI картыг 2 төрлөөр олгож байна. Үүнд:

IPPI түвшингээр.

Тухайн улсын эрх бүхий холбоо нь IPPI картыг худалдан авч, нисэгчиддээ худалдаж болно. Өөрийнх нь улсаас олгосон лиценз дээрх мэдээлэл өөрчлөгдөөгүй тохиолдолд IPPI картыг сунгах шаардлагагүй.

Жилийн хураамжтай.

Тухайн улс орноос олгодог нисэгчийн лиценз дээр IPPI картын логог тавьсан байна. Эрх бүхий холбоо нь багахан хэмжээний жилийн хураамж авч, үндэсний лицензтэй бүх нисэгч нартаа энэхүү картыг олгохыг зөвшөөрсөн байна. Жил бүр шинэчлэгдэх учраас IPPI түвшин нь өөрчлөгдсөн бол түүнийг тусгах боломжтой. 2015 оноос хойш нилээд хэдэн орон ийм картыг олгож эхлээд байна. 

IPPI карт нь ямарваа нэг даатгалын баталгаа болохгүй бөгөөд нислэгийн аюулгүй байдлаа нисэгч өөрөө бүрэн хариуцна. Бүх нисэгч нар IPPI карттай болохыг CIVL уриалж байна. IPPI картыг нисэгч нартаа таниулан сурталчилж, олгохыг улс орнуудын агаарын спортын холбоод, байгууллагуудад CIVL уриалж байна. 

SafePro Para

Параглайдингийн аюулгүй байдал, сургалтын хөтөлбөр

Параглайдинг үүссэн эхний жилүүддээ маш хурдацтай хөгжиж, бараг өдөр бүр шинэ шинэ саад бэрхшээлийг давж байв. Өнөөдөр энэхүү спорт нь нарийн төвөгтэй байдал, сургалтын болон аюулгүй байдлын шаардлагаараа нисэх спортын аль ч төрөлтэй харьцуулахад төлөвшин хөгжиж байна. Ихэнх нисэгчид илүү өндөр ангиллын далавч, илүү их сорилт (кросс кантри, акробатик г.м) руу ахиж дэвшихийг эрмэлзэж байдаг ч аливаа хүн шинэ зүйлийг аюул осолгүй сурахад цаг хугацаа хэрэгтэй гэдгийг мартах ёсгүй. Анхан шатны сургалтууд ихэнхдээ багштай явагддаг бол ахисан түвшний ур чадварт суралцахдаа аз турших нь олонтаа.

Бие даан суралцахад болохгүй юм байхгүй л дээ. Гэхдээ энэ тохиолдолд өмнөх бүх туршлага хэрэггүй болж, тэгснээр осол гарах магадлал тун өндөр байдаг. Энэ спортын хөгжлийн эхэн үед бүх зүйлийг шинээр туршиж байсан учир зарим нэг осол аваар зайлшгүй гарч байлаа (Лилиентал эхнийх нь). Харин зохистой хичээл сургалтыг авсан бол заримыг нь гаргахгүй байж болох байсан.

“Нисэгчийн алдаа”-наас болсон ослыг шинжилж үзэхэд тэдгээр нь ихэнхдээ сэтгэхүйн буруу хандлагаас болсон байдгийг судалгаанууд харуулдаг. Илүү сайн мэдлэг, ур чадвартай байх нь ослын эрсдлийг бүр бууруулахгүй ч хүлээн зөвшөөрч болохуйц эрсдлийн түвшингээ арай доогуур байлгах нь эрсдлийг бууруулна. Мэдээжийн хэрэг, аюул ослыг урьдчилан харж, хэмжихэд мэдлэг мэдээлэл хэрэгтэй, бас илүү ур чадвартай байх нь эвгүй нөхцөл байдлаас нисэгчийг аварч болно. Гэхдээ хүлээн зөвшөөрч болохуйц эрсдлийн түвшингээ доогуур байлгаснаар нисэгч зөв хандлагыг өөртөө төлөвшүүлэх нь  илүү чухал юм. Тийм учраас хүн өөрийгөө, сэтгэлийн тэнхээ, сул талаа таньж мэдэж, стресс, сэтгэл хөдлөлөө удирдаж сурах хэрэгтэй.

Нисэгч арай өндөр түвшин рүү ахих оролдлого хийх үед осол аваар бас тохиолддог. Тэгэхээр сургалтын систем нь нисэгчийн чадварыг илүү өндөр түвшинд хүргэх алхмуудыг шат дараалалтай хийхээр төлөвлөгдсөн байх ёстой. Сургалтын сонгодог схем бол ойлгомжтой: анхан шатанд энгийн үндсэн алхмуудаар ихээхэн ахиц дэвшилд хүрдэг бол сүүлдээ маш их дадлага хийж байж багахан ахиц олдог. Тиймээс анхан шатны ахиц дэвшлийг сургагч багшийн хяналтан доор хийвэл дараа нь бие даагаад өөрийгөө хөгжүүлэхэд хэрэг болох зөв хандлагыг суралцагчид суулгаж өгдөг байна.

SafePro хөтөлбөр нь өөрсдийн хөтөлбөрийг шинээр боловсруулах хүсэлтэй байгаа холбоодод удирдамж, чиглэл болж болох юм.  Харин урт хугацааны туршлага хуримтлуулсан орнууд бол өөрсдийн соёл, арга зүйтэй болсон байх бөгөөд тэдгээр нь SafePro-гоос ялгаатай ч байж болох.  Хамгийн гол нь бүх байгууллагууд (үндэсний холбоод болон CIVL) шат тус бүрийн ерөнхий түвшин дээр санал нэгдэж байгаа юм.

SafePro Para

Ерөнхий тодорхойлолт

Зорилт

Энэхүү хөтөлбөр нь  аюул осолгүй ахиж дэвшиж, жинхэнэ “тэнгэрийг эзэгнэгчид” болоход  тань тусална. Ямар нэгэн гэмтэл бэртэл, хязгаарлалт амсахгүйгээр энэ спортын гоо сайхан, эрх чөлөөг хүмүүс мэдрэх ёстой. Дээр хэлсэн зорилтын хүрээнд бие даан ганцаараа нисч чадах хүртлээ ур чадвараа хөгжүүлэх цаг суралцагсдад хэрэгтэй. Ингэж хөгжихөд хамгийн үр дүнтэй, таашаалтай, аюулгүй арга бол сайн боловсруулсан хөтөлбөр юм. Сургалтыг хоорондоо ялгаатай хэд хэдэн блок хэсэгт хувааснаар аюулгүй байдлаа эрсдэлд оруулахгүйгээр суралцагсдын жолоодох ур чадвар алхам алхмаар ахих болно.

ХӨТӨЛБӨР

Суралцах үйл явц амарханаас хүнд рүү, доороос дээшээ, энгийнээс ахисан шат руу гэсэн зарчмаар, аль нэгийг нь алгасах боломжгүй 5 үндсэн үе шатаас бүрдэнэ. Мөн бие даан нисч чадах эсэхээр нь оролцогчдыг суралцагсад болон нисэгчид  гэсэн 2 категорит хуваана.

Газарт ойр гулсах  (унахад аюулгүй өндөрт нисэх)

Өндөрт гулсах (маневр хийх хэмжээний өндөр болон орон зайд нисэх, халихгүй)

Идэвхтэй нисэх (хуйлралтанд ороход бэлдэх, унтарсан далавчаа сэргээх, доошлох техник)

Халих (уулын хяр болон термик ашиглан)

Ахлах нисэгч (ахисан шатны дадлага чадваруудын аль нэгийг, эсвэл хэд хэдийг бүрэн эзэмшсэн)

Шат ахих тусам шинэ мэдлэг, ур чадвар шаардагдах бөгөөд энэ нь параглайдингийн оргил өөд аюул осолгүй мацахад тань туслах “шат” юм. Суудал солих, шинэ газар нисэх, шинэ далавчаар нисэхэд мөн л шинэ алхмуудыг хийдэг учир тухайн улс орныхоо сургалтын хөтөлбөрт багтааж болно.

Дээрх дээр нэмээд Цэгийн буулт, Холын зайн нислэг, Уралдаан болон Акробат гэсэн ангиллууд байна. 

ОРОЛЦОГЧИД

Суралцагч

Эхний 4 шатны оролцогчийг суралцагч гэнэ. Өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хариуцах чадвар нь хязгаарлагдмал, сургагч багшийн хяналтгүйгээр аюулгүй байдлын бүх элементийг үнэлэх, зөв шийдвэр гаргах, нөхцөл байдалд тохируулан үйлдэл хийх чадваргүй байна. Суралцагч нь зөвхөн сургагч багшийн шууд хяналтан доор ниснэ. Өөртөө яг тохирсон далавч, суудлыг хэрэглэн нисэх бөгөөд сургагч багшаар заавал шалгуулна. Зөвхөн сургагч багш зөвшөөрсөн тохиолдолд далавчинд засвар хийлгэнэ.

Нисэгч

4-р шатыг төгссөн тохиолдолд л хангалттай хэмжээгээр бие даах чадвартай болсон гэж үзээд суралцагч нь нисэгч болно. Хэрэгжиж буй дүрэм журам, сайн дадлага туршлагын хүрээнд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хариуцаж чадна гэсэн үг. Аюулгүй байдлын бүхий л элементүүдийг үнэлж, аюулгүй, зөв шийдвэр гаргаж, бие даан зөв үйлдэл хийх, эсвэл өөрийн сонголтоор сургалт, мэдээлэл, туслалцааг олж авах чадвартай  болсон байна.

Нисэгч нь өөрийн улсын нисэх хүчний мөрдөгдөж буй бүхий л дүрэм журам, нислэг үйлддэг газруудын журмыг мэддэг, мөрддөг байх ёстой. Мөн өөрийн ангиллаасаа дээгүүр ангиллын чадвар шаардагдах үзүүлэх тоглолт, тэмцээн уралдаан болон бусад зохион байгуулалттай нислэгийн арга хэмжээнд оролцохгүй.

Насны доод хязгаар

Насны доод хязгаар нь 12 нас байх бөгөөд 18-аас доош насны суралцагсад эцэг эх, асран хамгаалагчийн бичгээр үйлдсэн зөвшөөрөл, мөн эмнэлгийн тодорхойлолттой байна. Эмнэлгийн тодорхойлолт авахад дор хаяж 1.5 м өндөр, 45 кг жинтэй, нурууны өвчин зовиургүй байх шаардлага тавигдах ёстой.

НИСЭГЧИЙН ЧАДВАР

Үүнийг 4 элементээр авч үзэж болно. Үүнд:

Ур чадвар

Мэдлэг

Туршлага

Хандлага

Ур чадвар гэдэг нь нислэгийн бүх нөхцөлд хяналтыг гартаа авч чадах техникийг хэлэх бөгөөд параглайдинг нь голчлон практик үйл ажиллагаа болохоор нисэгчийн чадварыг дээд зэргээр хэмжиж чадах үзүүлэлт юм.  Эдгээр техникийг гол нь практик дадлагаар, сургагч багшийн засч залруулсныг дахин давтсанаар олж авдаг. Мэдлэг, туршлага бол нисэгчийн чадварыг сайжруулах сургалтын үйл явцад үнэ цэнэтэй “хэрэгсэл” болдог. Харин хандлага нь аюулгүйн хязгаарыг давахгүй байх шийдвэр гаргахад туслах бөгөөд сургагч багшийн санал бодлыг байнга сонсож, сэтгэл санааны байдал, цаг ууурын бодит болон өөрчлөгдөх нөхцөлд мэдлэг, туршлагаа тохируулан хэрэглэх замаар хандлагыг олж авна.

Эцэст нь, энэ 4 чанар бүгдээрээ нийлж байж сайн нисэгчийг, мөн газар нутаг, нөхцөл байдал, нислэгийн хөдөлгөөн, хувьсан өөрчлөгдөх орчин зэрэг нислэгийн үед нисэгчид тулгарч болох бүхий л бэрхшээлийг даван, аюул осолгүйгээр нисэх хэрэгслээ удирдах бүх мэдлэг, чадварыг цогцлоодог юм. Олон удаа аюул осолгүй, сэтгэл ханамжтай нислэг үйлдэж байвал сайн нисэгч гэж хэлнэ. Тодорхой нэг түвшний сургалтын хүрээнд сурагчдаа сайн чадвар эзэмшүүлэх нь сургагч багшийн үүрэг. Гэхдээ түүнээс илүү чухал зүйл бол цаашид нисэгч болон төлөвших явцыг нь дэмжих зөв ойлголт, зөв хандлагыг суулгаж өгөх явдал юм.

Өсөж хөгжих явцдаа нисэгч нар:

Эхний 4 шатанд бол шаардлагатай бүх ур чадварыг хараахан эзэмшээгүй байх учир сурагчийн дэвтэртэй

Эсвэл шаардлагатай үед зааварчилга аваад бусад тохиолдолд өөрөө нислэгээ бүрэн удирдах чадвартайг гэрчлэх нисэгчийн үнэмлэх (лиценз)-тэй байна.

1-4 шатанд суралцагсдад үндсэн онол, зорилго, энгийн үйлдлүүд, алдаа, аюултай нөхцөл байдал болон тэдгээрийг залруулах, аюулгүй байдлын асуудлуудыг ойлгуулсны дараа практик чадварыг нэг бүрчлэн суулгах хичээл орох  бөгөөд дадал бүрийг сайн эзэмшсэн гэсэн итгэл үнэмшил сургагч багшид төрөх хүртэл дадлага хийлгэнэ. Мөн тухайн шатанд эзэмших ёстой мэдлэгийг бүрэн эзэмшүүлэхийн тулд нэмэлт лекц, танилцуулга, хэлэлцүүлэг явуулж, шалгалт авч болно. Мэдээж хэрэг, багшийн заах зүйл зөвхөн тухайн түвшинд тавигдах шаардлагуудыг ханган биелүүлснээр хязгаарлагдахгүй байж болно. Гэхдээ анхан шатанд суралцагсад  хэтэрхий их зөвлөгөө, зааварчилгааг нэг дор хүлээн авах чадваргүй байдаг учир зөвхөн сургалтын хөтөлбөрт тусгагдсан зорилтуудаар хязгаарлаж болно. Зөвхөн 5-р шатанд хүрсэн нисэгчид л аюулгүйн ажиллагааны тодорхой аргачлалыг мөрдөн шинэ ур чадварыг өөрсдөө эзэмших боломжтой болсон байдаг.

Суралцагч болон нисэгч аливаа нэг шатыг дүүргэхээс өмнө тухайн шатандаа эзэмшвэл зохих мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн гэдэгт зааварлагч, ажиглагч нар нь итгэлтэй байх ёстой. Жишээ нь, 3-р шатыг дүүргэхийн тулд суралцагч нь аэродинамикийн хууль, агаарын спортын тухай зохих дүрэм журмуудын талаар онолын шалгалт өгөх ёстой бөгөөд ингэснээр нислэгийн газрууд болон агаарт ганцаараа, аюулгүй болон зөв үйл ажиллагаа явуулах чадвартай гэдгээ харуулна. Харин туршлага, чадвар нь нислэгийн бүртгэл болоод нислэгийг нь бодитоор ажиглаж, харсан хүмүүсийн үнэлэлт дүгнэлтээр баталгаажна. 

Сургагч багш нь суралцагсаддаа боломжтой бүх аргаар сэтгэлийн хат, тэнхээгээ зөв үнэлж, шийдвэр гаргах үйл явцдаа түүнийгээ тооцоолж сурах арга барилыг зааж сургах ёстой. Мөн өөрийн үйло ажиллагаандаа шүүмжлэлтэй хандаж, сул талууд болон алдаандаа гүн гүнзгий дүн шинжилгээ хийж чаддаг болгох хэрэгтэй. Аваар осол гарах магадлал, түүний үр дагаврыг зөв тооцоолох, шийдвэр гаргах явцдаа эрсдлийн хүчин зүйлийг хэрхэн тооцох зэргийг зааж  өгөх ёстой.

https://www.fai.org/page/safe-pro-para-training