ДАЛАВЧНЫ НАСЫГ ЯАЖ ХЭМЖИХ ВЭ?

Далавчны материал 3 гол үзүүлэлтээр хуучирдаг. Энэ нь бат бөх байдал, сийрэгжилт болон суналт. Энэ гурвыг далавчны аюулгүй байдалд хэр чухал вэ гэдгээр нь жагсаавал мэдээж бат бөх байдал нэгдүгээрт тавигдана.

Сийрэгжилт (porosity) бол материалын ерөнхий байдлыг илтгэх үзүүлэлт гэж зарим нисгэгчид боддог нь алдаа юм. Би үүнтэй санал нийлдэггүй. Эдгээр 3 үзүүлэлт бол харилцан хамааралгүй, тусдаа зүйлс.

Эхний хоёрыг нь далавчны үзлэг шалгалт хийх үед хялбархан хэмжиж болох боловч гуравдахь буюу суналтыг тийм ч амархан хэмжих боломжгүй.

Бат бөх байдал ба сийрэгжилт

Далавчны бүтцийн аль хэсэгт нь ямар материал ашиглагдсанаас шалтгаалан эдгээр гурван үзүүлэлтийн ач холбогдол өөр өөр байна.

Бат бөх байдал бол далавчны “хавирга” болон дээд гадаргууд илүү чухал.

Сийрэгжилт нь зөвхөн дээд гадаргуу, ялангуяа урд ирмэгт илүү чухал.

Суналт бол далавчны “хавирга” болон дотор талын бүтцэд илүү чухал. Харин энд сийрэгжилт огт хамаагүй. “Хавиргууд” агаарыг чөлөөтэй нэвтрүүлэхийн тулд бүр нүхтэй байдаг.

Далавчны доод гадаргууд эдгээр үзүүлэлтийн аль нь ч тийм чухал биш. Учир нь нэг гадаргуутай далавч зүгээр л нисээд байдаг шүү дээ.

Далавчийг засвар, үйлчилгээний төвд үзлэгт оруулахад дээд гадаргуугийн бат бөх байдал, сийрэгжилтийг заавал хэмждэг. Далавчны материал жигд сайн бол энэ хоёр үзүүлэлт ерөнхийдөө адил тэнцүү байдлаар буурна. Харин сийрэгжилт нь тун гайгүй боловч бат бөх байдал нь нилээд муудсан бол тухайн далавчийг ашиглах боломжгүй гэсэн үг. Аль аль нь дээд гадаргууд тун чухал ач холбогдолтой.

Тийм ч учраас далавчны хэсэг тус бүрт өөр өөр материал ашиглагддаг. Жишээ нь, “хавирга”-нд бат бөх чанар, суналтын хувьд сайн үзүүлэлттэй (харин сийрэгжилт хамаагүй) хатуу материал ашигладаг бол дээд гадаргуугийн хувьд эдгээр гурван үзүүлэлт нь гурвуулаа сайн байх ёстой. Учир нь далавчны дээд гадаргуугийн урд ирмэг хамгийн түрүүнд элэгдэж эхэлдэг учраас түүнийг хийдэг материал нь дээрх 3 үзүүлэлтийн аль алинаар нь сайн байх ёстой.

Далавчны нас

Далавчны насыг хэмжихэд нислэгийн тоо чухал байдаг. Нэг нислэгийг дунджаар 20 минут гэж тооцох нь зүйтэй гэж би үздэг. Нислэг 20 минутаас доош байсан ч, тэр байтугай 1 минут үргэлжилсэн байлаа ч үүнийг далавчны насжилт тооцохдоо 20 минутаар авах нь зөв.

Газрын бэлтгэл нь таны далавчийг нисэхээс ч хурдан муутгаж орхидог талтай. Тийм ч учраас далавчны хэрэглэсэн нийт цагийг тооцохдоо цүнхнээс нь гадуур байлгасан бүх цагийг оруулах ёстой. Гараан дээр дэлгээстэй байсан хугацааг ч үүнд оруулна. Далавчийг дэлгэх, газрын бэлтгэл хийх, буцаагаад эвхэж цүнхлэх бүхий л үйл явц нь далавчны элэгдэл, хорогдолд ихээхэн нөлөө үзүүлж байдаг. Нарны шууд тусгал, хэт ягаан туяа ч мөн адил.

Хэрэв та далавчныхаа насыг зөвхөн нислэгийн цагаар тооцох юм бол дундаж наслалт нь ойролцоогоор 500 цаг гэж би хэлнэ. Харин цүнхнээс гадуур байлгасан бүх цагаа оруулан тооцож байвал ойролцоогорр 1000 цаг болоод нас нь дуусна гэсэн үг.

Гэмтлийг хянах

Далавчийг маш их гэмтээдэг зүйлс бол:

- Ус, чийг (ялангуяа давстай ус)

- Газартай үрэлцэх (гараан дээр, газрын бэлтгэл, эвхэж цүнхлэх үед)

- Хурц нарны гэрэл, хэт ягаан туяа

- Хэт их нугалж, чанга эвхэх

- Спираль шумбалт, акро зэрэг далавчинд өндөр даралт үзүүлдэг манёврууд

- Хөгц (чийгтэй газар хадгалахаас зайлсхий)

Далавчаа сайнаар нь удаан хэрэглэхийн тулд дараахь зөвлөмжийг мөрдөөрэй. Үүнд:

- Цүнхнээс нь гаргаад газар дээр удаан байлгахаас зайлсхий.

- Ус, чийгнээс хол байлга.

- Хэт чанга эвхэлт, үрэлтийг багасга.

- Чийгтэй газар далавчаа чирэх нь сайн зүйл биш. Тийм учраас би буусан газраа далавчаа шууд хумиад авдаг. Харин ихэнх сургуулиуд дэлгэж байгаад эвхэхийг заадаг.

- Олон дахин  акро хийхээс зайлсхий. (хамгийн гол нь далайн усанд бүү уна)

Параглайдерын материалын насжилтыг хэмжих

Далавчны материал хэр хуучирсныг хэмжихдээ бат бөх байдал, сийрэгжилт хоёрыг л хэмжих боломжтой. Харин суналтыг хэмжих сайн тест одоогоор байхгүй.

Сийрэгжилтийг хэмжихдээ далавчны (38.5cm²) материалыг тодорхой хэмжээний агаараар (голдуу 250ml) тодорхой даралттайгаар (10mb орчим) нэвт үлээлгэх байдлаар хэмжинэ. Шинэ материалын хувьд бол 250-300 секунд орчим хэмжигддэг. 20 секунд хавьцаа бол шалгуурыг “дөнгөж давсан”-д тооцно. Түүнээс бага  байвал нислэгт тэнцэхгүй гэсэн үг. Далавчны дээд гадаргуу, ялангуяа урд ирмэгт очих доторх агаарын даралт хамгийн их байдаг учир тэр хэсгүүдэд сийрэгжилт илүү хурдан явагдана.  

Бат бөх чанарыг материалын элэгдэл хэмждэг Bettsometer хэмээх багажаар хэмжинэ. Ингэхдээ далавчин дээр маш жижиг нүх гаргах шаардлагатай болдог нь жаахан тиймэрхүү. Гэхдээ үүнийг хийлгэх л хэрэгтэй. Яагаад гэвэл сийрэгжилтээс илүү бат бөх чанар чухал. Агаарт далавч дундуураа цуурвал нэг их “хөгжилтэй” биш л болов уу.

Эцэст нь хэлэхэд, далавчныхаа материалын бат бөх байдал, сийрэгжилтийг хэмжүүлэх нь далавчны тань ерөнхий байдлын талаар нилээд бодитой дүр зургийг харуулах бөгөөд ерөнхий нислэгийн цагийн тооноос ч илүүтэй үнэн зөв мэдээллийг танд өгнө.

 

Cross Country сэтгүүлийн 2021 оны 12-р сарын дугаараас орчуулан хүргэсэн Ч. Туул