Энэхүү журмаар Монголын Ханглайдинг, Параглайдингийн Нийгэмлэгийн гишүүд, параглайдерын нисгэгчдийн ур чадварын түвшинг тогтоох, үнэлгээ хийх, нисгэгчийн үнэмлэх шинээр болон шинэчлэн олгохтой холбоотой харилцааг зохицуулна.
Уг журмын Хавсралт 1 буюу "ПАРАГЛАЙДЕРЫН НИСГЭГЧИЙН ТҮВШИН ТОГТООХ ҮНЭЛГЭЭНИЙ СИСТЕМ (ТТҮС)"-ийг FAI-н SafePro Para буюу “Параглайдингийн аюулгүй ажиллагаа, сургалтын хөтөлбөр”-т үндэслэн, параглайдингийн спорт хөгжиж төлөвшсөн бусад орнуудын ижил төстэй системүүдийг харьцуулан, мөн манай улсад уг спорт хөгжиж буй өнөөгийн төлөв, чиг хандлага болоод нисгэгчдийн ур чадвар, төлөвшлийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр боловсруулав. Нисгэгч нарт ахиц дэвшлээ хянаж, зөв тодорхойлж, хэмжиж байх боломжийг олгохын тулд энэхүү 5 шатлалт (P1-P5) "Түвшин тогтоох үнэлгээний систем"-ийг боловруулсан бөгөөд шат тус бүрээр суралцагч болон нисгэгчдийн эзэмшсэн байвал зохих мэдлэг, туршлага, ур чадварыг нарийвчлан тодорхойлж, хэмжиж болохуйц байдлаар оруулсан байна.
Мөн журмын Хавсралт 2-т параглайдерын нисгэгч, суралцагч нарын мэдлэг, ур чадварын үнэлгээний хуудсыг Р1-Р5 түвшин тус бүрээр хийж, онолын мэдлэг болон практик чадварын үзүүлэлтүүдийг нарийвчлан зааж өгсөн нь багш, дасгалжуулагч нар суралцагсдаа үнэлэх, түвшинг нь тодорхойлоход төдийгүй, суралцагсад, нисгэгчид өөрсдийгөө үнэлэх, мэдлэг чадвараа үнэлүүлэх шалгалтанд бэлдэхэд ашиглаж болохоор бэлэн гарын авлага болох юм.
Хавсралт 3-т ПАРАГЛАЙДЕРЫН НИСГЭГЧИЙН ҮНЭМЛЭХ ШИНЭЭР БОЛОН ШИНЭЧЛЭН АВАХ ӨРГӨДӨЛ-ийн маягтыг оруулсан бөгөөд параглайдингийн спортоор хичээллэж, тодорхой түвшний шалгуур хангасан суралцагсад болон нисгэгч нар нисгэгчийн үнэмлэх авах, шинэчлэх хүсэлтээ өөрийн харьяа клубээрээ дамжуулан МХПН-д ирүүлнэ.
Шинэ журам хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад агаарын чөлөөт нислэг үйлдэх нисгэгч бүрээс ур чадварын түвшинг нь илэрхийлэх нисгэгчийн үнэмлэх заавал авсан байхыг шаардана. Энэхүү шаардлага нь Монгол Улсын ИНЕГ-аас Иргэний Нисэхийн Дүрэм-149 болон агаарын орон зай, чөлөөт нислэгийг зохицуулдаг бусад дүрэм, журмуудтай нийцсэн болохыг МХПН баталж байна. Мөн шинэ журам гарсантай холбогдуулан өмнө олгогдсон параглайдерын нисгэгчийн үнэмлэхүүд хүчингүй болж байгаа тул үнэмлэхээ шинээр болон шинэчлэн авахыг нийт нисгэгч нарт уриалж байна. Үнэмлэхний арын хэсэгт байрлуулсан QR кодоор нисгэгчийн бүх мэдээлэл уншигдаж байхаар загвар дизайныг шинээр хийсэн болно.
Иймд параглайдерын бүх нисгэгч нар болоод суралцагсад клубийн харьяалалтай бол клубээрээ дамжуулан, харьяалалгүй бол хувиараа түвшин тогтоолгох, нисгэгчийн үнэмлэх шинээр болон шинэчлэн авах өргөдлөө 2022 оны 5-р сарын 1-ний дотор МХПН-ийн mhpamongolia@gmail.com хаягаар ирүүлнэ үү. 2022 оны 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр шинэ үнэмлэхтэй нисгэгч нар параглайдерын чөлөөт нислэг үйлдэх боломжтой болохыг анхаарна уу.
МХПН-ийн Удирдах зөвлөл