‘FLY 50KM OR BUST!’ (50 км нис, эсвэл боль!)

Их Британид миний нисдэг газар барагтай л бол хүчтэй термал үүсдэггүй учраас кросскантри нислэг хийхийн тулд манай нисгэгчид “сул нөхцөл”-д (week condition) нисэх талаар жаахан мэргэших хэрэгтэй болдог. Би “50K or Bust!” номондоо шинэ нисгэгч нарт нислэгийн хугацаагаа уртасгах боломж олгохуйц арга техникүүдийг сонгож оруулсан бөгөөд тэдгээрийг хэрэглэснээр амархан туршлага суух боломжтой. Хамгийн эхний кросскантри нислэгүүдээ хийхэд тань тус болж болох миний топ 10 зөвлөгөө бол:  

 1. Take off хийсний дараа нуруу хяр дээр хэтэрхий их хүнтэй болчихвол дээшээ, доошоо, баруу, зүүн тийшээ бүх чиглэлд сайн хар. Энэ нь зөвхөн аюулгүй байдлын үүднээс биш. Бусад нисгэгч нар өргөгдөөд эхэлбэл тэнд термал байгааг төвөггүй харж болно. Нөгөө талаас, хэрэв та хэн нэгнийг чиглээд нисэж байтал тэр живж эхэлбэл хурдан эргэсэн нь зөв!

2. Хэн нэгнийг дагаж байгаа бол хоорондын зайг барьж, бас нэг тал руугаа арай илүү зайтай нисэх хэрэгтэй. Яг ард талдаа нисэж байгаа хүнийг харахад маш хэцүү. Тиймээс урд яваа нисгэгч таныг олж харахад амархан байхаар, мөн урдах нисгэгч өргөлт оллоо гэхэд хийх гэж байгаа манёврт нь саад болохооргүй зайнд нисэх хэрэгтэй. Мөн та өөрөө өргөлт олчихлоо гэхэд нөгөө нисгэгч бас таныг төвөггүй олж хараад дагаж өргөлтөнд орох боломжтой. Тэгснээр хамтдаа термалдах сайхан боломж гарна шүү дээ.

3. Кросскантри нислэгийн ганц түлхүүр нь сайн термалдах л шүү дээ. Термалдахын сайхныг мэдрэхийн тулд термал олох, түүнийг мэдрэх, термалд ороод өргөлтийг оновчтой ашиглах, термалыг бусадтайгаа хуваалцахыг сурах ёстой. Та термалд орно гэдэг нь та түүнд харьяалагдана гэсэн үг болохоос термал зөвхөн таных гэсэн үг биш гэдгийг санаарай. 

4. Та термалд хоёр тал руугаа адилхан эргэж сурах ёстой – баруун, зүүн аль аль тал руугаа. Бидний нисэж буй байршлууд жилээс жилд улам их хүнтэй болж байгаа, тэнгэрт ч мөн адил. Тиймээс бид термалд аль аль тал руугаа эргэж чаддаг байх ёстой. Ихэнх нисгэгч нарт термалдах үед “хүчтэй” ба “сул” тал гэж бий. Надад ч бас бий. Тийм болохоор би сул талдаа илүү их дадлага хийхийг хичээдэг.  

5. Хэрэв та термалдаж байгаа нисгэгчдийн ойролцоо өөр термал олсон бол хэдийгээр өөр термалд байгаа ч тэдэнтэй адил зүгт эргэж эхлээрэй. Ойр байгаа термалууд (яг зөв үг нь цөм) яваандаа голдуу нийлдэг. Ингэсэн тохиолдолд нэг чигт эргэж байгаа нисгэгч нарт амар гэсэн үг.

6. Салхины хүч бүр маш бага л биш бол “өндөрт гарч, тэндээ үлд” гэдэг техникийг ашигла. Термалд ороод аль болох өндөр авахыг бод, тэгээд термалтайгаа хамт нүүх замаар километрээ ахиул. Салхи багатай үед өгсөх-гулсах техник буюу термалд орж өргөлтийн дээд цэгт хүрснийхээ дараа гулсаж эхлэх нь нилээд ур чадвар шаарддаг.  

 Энэ зураг дээр цэнхэр далавчтай нисгэгч үүлний суурьт ойрхон, 0-ээс арай бага өргөлттэй байгаа бөгөөд алгуур доошилж байна. Харин улаан далавчтай нисгэгч “за яршиг” гээд термалаас гараад явсан боловч өөр термал олсонгүй болохоор газардав. Тэр хугацаанд цэнхэр далавчит нь тэндээ байсаар байх бөгөөд салхитай хамт нүүсээр байгаа тул бас ч тоглоомоо үргэлжлүүлж, зам туулсаар байна. Энэ термал дахиад ажиллаж эхэлж болно. Тэгвэл цэнхэр дахиад өндөр авч, дахиад урт зайнд нисэх боломжтой болно. Тэгээд улаан нисгэгчийн дээгүүр цааш нисэх болно. Тэвчээр хамгийн чухал!

7. Амархан хүрчихэж болохоор дараагийн термалыг олоогүй л бол эхний термалаа бүү яаран орхи. Дээрх зургийг дахин хар даа. Хоёр нисгэгч 0.8 м/с-ийн хурдаар дээш дэгдэж буй термалд 600 м-ийн өндөрт байна. Энэ өндрөө хадгалахад агаарын урсгалын дээшлэх хурд хангалтгүй байгаа бөгөөд варио нь тэднийг 0.2 м/с-ээр доошилж буйг зааж байв. Нисгэгч Б гулсахаар шийдсэн бол Нисгэгч А термалдаа үлдэв. 10 минутын дараа гэхэд Нисгэгч А 480 м-ийн өндөрт байсаар байхад Нисгэгч Б аль хэдийн газардсан байв. Нисгэгч Б хэдхэн км зам туулсан бол Нисгэгч А тоглоомонд байсаар байна. 0.8 м/с-ийн термал магадгүй илүү томрох ч юм уу, эсвэл ойролцоо өөр термал олж чадах ч юм билүү. Хэрэв та термалаас гарахаар шийдсэн бол өөр илүү сайныг олох магадлал өндөр байхад л гараарай.  

 

                                                              Термал дахь агаарын босоо хөдөлгөөн

8. Варион дээрээ доошлох дохионы тохируулгыг өөрөө хийх, ингэхдээ 0.1-0.15 м/с хурдаар доошилж байгаа үед дуугарч эхлэхээр тохируул. А зураг дээр сул термалын цөмөөс ирмэг хүртэлх өөр өөр хэсгүүд дэх агаарын босоо урсгалыг харуулж байна. В зураг дээр энэхүү термалын “үхсэн” агаарын доошлох хурд 1 м/с байх үед тэдгээр өөр өөр хэсгүүд дэх параглайдерын босоо хөдөлгөөн ямар байхыг харуулж байна. Тэгэхээр энэ термалд бага ч гэсэн өргөлт авахын тулд нисгэгч термалын яг төвд нь байрлах хэрэгтэй байна.

9. Өргөлт байж болзошгүй газрыг олохын тулд эргэн тойрноо сайн хар. Кросскантри нислэг хийх чиглэл чинь салхины уруу байсан ч агаарт аль болох удаан тогтохын төлөө хааяа салхины эсрэг нисэхээс бүү ай. Хэрэв термалаас сугараад гарчихлаа гэж бодоход тэр чинь салхины дээд талд л голдуу байна шүү дээ.  

10. Километрийн талаар бодохгүй байхыг хичээ. Зүгээр л тэр дээр удаан тогтоод байгаадаа урамшиж, таашаал авахыг хичээ. Агаарт байсаар байх л юм бол та салхитай хамт нүүж, зам туулсаар л байх бөгөөд уулнаас холдож, агаарт удаан тогтох талаар туршлага хуримтлуулаад л байгаа гэсэн үг. Термалд удаан тогтохыг хичээ, тэгвэл километр ч аяндаа нэмэгдээд л ирнэ.  

Nigel-ийн номыг эндээс татаж авч болно: www.50k-or-bust.com 

Crosscountry сэтгүүлийн долоо хоног тутмын "In the core" хавсралт, 2022.05.06-ны дугаараас орчуусан Ч. Туул