НИСЛЭГИЙН УЛИРЛЫН НЭЭЛТ БОЛНО

Монголын Ханглайдинг, Параглайдингийн Нийгэмлэгээс 2022 оны нислэгийн улирлын нээлтийг 2022 оны 5-р сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх уулнаа хийхээр товлолоо. 

Нээлтийн үеэр МХПН-ийн гишүүн клубүүд болон нийт нисгэгч, тамирчид, суралцагсад, багш-дасгалжуулагч, шүүгч нар нэг дор цуглаж, энэ оны нислэг, тэмцээн уралдаан, гадаад дотоодын аялал, хамтарсан арга хэмжээнүүдээ ярилцаж, мэдээлэл солилцохоос гадна параглайдингийн цэгт газардах төрлөөр шинээр шүүгч бэлдэх сургалт, давтан сургалт, дадлагын ажил, мөн зарим ахисан шатны үнэмлэх авах нисгэгчдийн ур чадварын шалгалт зэрэг арга хэмжээнүүд зэрэг явагдана.

Клубүүд болон нисгэгч нарыг идэвхтэй оролцохыг уриалж байна. Харин энэхүү арга хэмжээ нь дотоод ажил учраас олон тооны сонирхогч, дэмжигч нараа урихаас энэ удаа татгалзаарай. 

Жич: Шүүгчийн давтан сургалтанд Параглайдингийн цэгт газардах төрлөөр Фалкон клубээс зохион байгуулах гэж буй "Mongolian Cup 2022" олон улсын тэмцээнийг шүүхээр томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн заавал хамрагдана. Мөн клубүүдийн сонирхогч, дэмжигч, гэр бүлүүдээс шүүгчийн сургалтанд хамрагдах хүсэлтэй хүмүүс байвал бид талархан хүлээж авах болно. Иймээс клубүүд дотроо зарлаж, сонирхсон хүмүүсийнхээ нэрсийг 5-р сарын 23-ны дотор mhpamongolia@gmail.com хаягаар ирүүлнэ үү. 

МХПН-ийн Удирдах зөвлөл