ЭДГЭЭР 10 ЗҮЙЛИЙГ БИ ПАРАГЛАЙДИНГ ХИЙЖ ЭХЛЭХЭЭСЭЭ ӨМНӨ МЭДДЭГ Ч БАЙСАН БОЛООСОЙ

1. ХЭРЭВ ДЭЭШ ӨРГӨЖ БАЙВАЛ ЭРГЭ!

Термалдах бол шинжлэх ухаан гэхээсээ илүүтэй урлаг юм. Гэхдээ тийм ч хэцүү зүйл биш: хэрэв далавчийг тань өргөж л байвал та тэр агаарын урсгал дотор орж эргэлдэхийг хүснэ. Зарим нисгэгчид термалыг нэвтэлж ниссээр олон жилийг үдсэн байдаг. Нэг талаас нь орж, нөгөө талаар нь гараад л. Улам сайн, улам өндөрт нисэх урлаг бол ердөө л термал олж, түүн дотроо тогтож чадахыг хэлдэг юм.

Хэрэв та термалын ирмэгээс байнга сугарч гарчихаад байгаа бол арай жижиг тойргоор эргэлт хийх хэрэгтэй байх. Ихэнх тохиолдолд, ялангуяа туршлага багатай нисгэгч эхэнд нь байгаа бол бүлгээрээ термалдаж байгаа нисгэгчид (ялангуяа гарааны ойролцоо) хэтэрхий том радиустай тойргоор эргэлт хийх нь бий.

Хамгийн сайн өргөлт бол голдуу термалын голд нь байдаг. Хэрэв та термалын ирмэгээс мултарч гараад байлгүй дотор нь тогтож чадаж л байвал дээшээ илүү найдвартай бөгөөд хурдан өгсөнө.

2. ӨӨРИЙНХӨӨРӨӨ НИС

Харьцуулалт хийх нь тийм ч тустай зүйл биш. Илүү сайн нисгэгчтэй өөрийгөө харьцуулахад айдас төрөх, бүлгээрээ термалдсан нислэг санаанд хүрэхгүй байх, эсвэл хэтэрхий олуулаа шахцалдан цухалдах зэрэг мэдрэмж төрнө. Өөрт чинь байгаа бүхнээ ашиглаад яаж хамгийн сайнаараа нисэх вэ гэдэгт л төвлөр. Өөрөө бие даан тодорхой шийдвэр гаргаж, түүнээсээ суралц. Өнөөдөр хаашаа гармаар байна, юунд хүрэхийг зорьж байна вэ гэдэг дээр зүрх сэтгэл, мэдрэмжээ сонс.

3. ШИЛДЭГ НИСГЭГЧДИЙГ АЖИГЛА

Тэд дээш хөөрч буй агаарын урсгалыг хаанаас олоод байна? Ямар шугамын дагуу нисч байна? Улам дээшлэхийн тулд тэд ямар, ямар хөдөлгөөнийг, яаж холбон хийж байна? Уулын хярд ойрхон халин нислэг хийхэд тэр бүр олддоггүй ямар хувилбар, боломжууд тэдэнд нээлттэй байна?

Хяраас холдох нь заримдаа шатрын нүүдэл хийхтэй л адилхан гэсэн үг. Дайралт хийх нүүдэл тань маш тодорхой болох хүртэл байрлалаа зөв эзлэх манёвр хийх тухай асуудал юм.

4. ӨНДӨРТ ТОГТОЖ Л БАЙВАЛ ХОЛ ЯВНА

Бусад нисгэгчдээс сонсож болох “Speed to fly (термал хооронд нисэх хурдыг оновчтой байдлаар ихэсгэх), pressing on, maximising the potential of the day (тухайн өдрийн боломжийг тултал нь ашиглах)” зэрэг үгс нь параглайдингийн нилээд ахисан шатны ойлголтууд юм. Эхний хэдэн жилдээ хамгийн их дадлага хийх ёстой зүйл бол зүгээр л өндөрт удаан тогтох. “Алдаанаасаа суралцсан” он жилүүдэд миний ажигласан зүйл бол “яарвал даарна”. Өөрөөр хэлбэл, хол нисэх гэж яарах тусам амархан газардана гэсэн үг.

Параглайдинг бол парадокс юм. Адреналин ялгаруулахуйц адал явдалт спорт хэрнээ “Зэн” бясалгал хийж буй мэт тайван байхдаа л хамгийн шилдэг нислэгийг үйлддэг. Би нисэхийнхээ өмнө RedBull уучихвал илүү сонор сэрэмжтэй, төвлөрөх чадвар нэмэгдэх байх гэж найдаад уудаг байсан. Гэтэл эсрэгээрээ намайг яаруу сандруу болгож, тэр яаралтаас алдаа гарч байгааг анзаараад уухаа больсон. 

Хол зайд ниснэ гэдэг юуны өмнө өндөрт удаан тогтох тухай юм. Тойрог эргэж сурах нь идэвхтэй термалд орох үүд хаалгыг нээж, хөх нүх (blue hole) буюу уналтын бүсийг нэвтлэн, үд дундын нам гүмийг өнгөртөл, эсвэл илүү сайн агаарын масст хүртлээ аажуухан дрифт хийх боломжийг танд олгоно.    

Энэ үед хол зай туулах нь чухал биш. Тийм болохоор тайвшраад, алсын барааг тольдонгоо шувуудтай хамт халин нисэх та ямар азтай хүн бэ гэдгээ сана.

5. АЯЛАХАД БЭЛЭН БАЙ

Дассан сурсан газраа нисээд байх нь амар л даа, гэхдээ томоохон нислэг хийх боломж нь бага л байна гэсэн үг. Нисэхэд тохиромжтой сайхан өдөр тохиоход хамт нисэхэд бэлэн байх нөхдөө олж ав. Тохиромжтой нэг байрлал олж аваад тэндээсээ туршлагатай нисгэгчдийг сайн ажигла. Тохироо нь бүрдэхэд та ч өөрөө 100 км нисдэг болох вий.

6. ПАРАГЛАЙДИНГ ЭРСДЭЛТЭЙ

Яагаад парагдайдингийн холбоод, дасгалжуулагч нар, клубүүд төдийгүй туршлагатай нисгэгчид бүгд аюулгүй байдлын тухай яриад байдаг вэ? Бид өндөрт байхдаа үргэлж анхаарал болгоомжтой байж чаддаггүй.

25 жил ямар ч аваар осолгүй ниссэн хүмүүс байдаг (Жишээлбэл, Nova-г үндэслэгч Till Gottbrath), гэхдээ тэрээр маш хуучинсаг, эрсдэл хийх дургүй хүн гэдгийг хэлэх хэрэгтэй. Харин ихэнх нисгэгчид их, бага ямар нэг хэмжээгээр гэмтэж бэртдэг байх.

Таны аюулгүй байдалд нөлөөлөх №1 хүчин зүйл бол таны хандлага л юм. Бусад бүх зүйлээс илүүтэйгээр аюулгүй нисээд, аюулгүй газардах шийдвэрийг л өөртөө гарга. Миний хувьд л гэхэд, би 80 нас хүртлээ аюул осолгүй нисэх зорилго тавьсан. Хэрэв би аюулгүй ниссээр байвал миний өөр нэг зорилго буюу 200 км нисэх мөрөөдөл маань нэг л мэдэхэд биелэх болно.

Хамгийн гол нь зөн совингоо сонс. Хэрэв ямар нэг юм болохгүй байгаа мэт санагдвал болохгүй л байгаа гэсэн үг. Тэгэхээр бодол сэтгэлээ цэгцэлж, эр зоригоос илүү хянуур  байдлыг чухалчлан, өнөөдөр нисмээр байсан ч дараагийн өдөр болтол хойшлуулах шийдвэр гаргахдаа зөн совингоо дага.

7. SIV, SIV, SIV

Хэрэв та кросскантри нислэг хийхийг зорьж байгаа л бол хэзээ нэгэн цагт далавч нурна гэдгийг санах ёстой. Харин SIV сургалт авчихсан байхад зөв хариу үйлдэл хийх эсэх дээр асар их ялгаатай байна.

Мөн нисч байхдаа илүү аюулгүй байдлыг мэдэрч, нислэгээсээ таашаал авах боломжийг танд олгоно. SIV сургалтын үед жаахан айдас мэдэрч магадгүй, гэхдээ л маш сонирхолтой.

8. СӨРӨГ ХАНДЛАГА ХАЛДВАРТАЙ

Хамгийн сайн нисгэгч нар нэг бол гайхалтай өөдрөг, эсвэл зүгээр л зохицох чадвартай, гомдоллоод байдаггүй. Сөрөг хандлагатай нисгэгч өдөржин элдэв аюул осол, хязгаарлалт, боломжгүй байдлыг тоочин үглэж суух хооронд сайн нисгэгч бол зүгээр л 5 цаг кросскантри хийчихнэ.

Миний наастр энэ хоёр туйлын хооронд хэлбэлзэж, ялгаа нь өдөр, шөнө шиг байх нь ч бий. Эерэг бодол, сайхан наастртай байх үедээ би сайн нисч, хэдэн зуун км ч давгүй туулна. Харин урам зориг муутай бол муу ч ниснэ, хол ч явахгүй. Тийм болохоор эерэг хандлагатай хүмүүстэй нисч, тэднээс урам зориг авахыг хичээ.

9. ТОХИРСОН ДАЛАВЧ ХЭРЭГСЛЭЭР Л ИЛҮҮ ХОЛ НИСНЭ

Хэрэв үнэхээр нисэхээр шийдсэн л бол чанартай далавч хэрэгсэл худалдаж ав. Тэгснээр илүү хол нисэх боломжтой болно. Төвөг учруулдаг, цухалдуулдаг, өөрийн тань чадварын түвшин, нисэх хэв маягт тохироогүй, үзүүлэлт муутай далавч хэрэгсэл зүгээр л таныг газарт буулгаж орхино. Параглайдинг бол маш бага ялгаатай үзүүлэлтүүд нэгдэж нийлээд 30 км шурдхийгээд өнгөрөх, эсвэл 150 км тогтож нисэхийг тодорхойлдог спорт. Сурахад хамаг цаг зав, мөнгөө зарчихаад зөвхөн “амралтын өдрийн баатар” байвал жилд тийм ч олон нислэгийн цаг хуримтлуулах боломжгүй.

Тэгэхээр цаг минут бүрээ тооцож, зөв далавч хэрэгслээ сонгоод хол нис.

10. УНШ, УНШ, БАС ДАХИН УНШ

Flybubble онлайн сэтгүүлийг уншиж, мэдлэгээ тэлээрэй!

 

Эх сурвалж: Flybubble онлайн сэтгүүлээс орчуулсан Ч. Туул