Параглайдингийн спортын оргил Cross country буюу холын зайн нислэгийн нисэгч болно

Өдрийн мэнд залуусаа.

Энэ удаа 9-р сарын 22-нд Төв аймгийн эрдэнэ сумын нутаг Чонжин болдогт болсон Монголын Параглайдингийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээнд хамгийн холоос буюу Увс аймгаас зорин ирж оролцож байгаа Болдын ярилцлагыг хүргэж байна.

Сайн байна уу?

Өөрийгөө товч танилцуулна уу? 

Сайн. Сайн байна уу? Намайг Гансүхийн Болд гэдэг Увс аймагт төрж өссөн. Айлын том хүү одоо Увс аймагт эхнэр хүүгийн хамт амьдардаг.

Яагаад энэ спортыг сонирхох болсон бэ? Хичээллээд хэр удаж байна вэ?

 Миний хувьд хүүхэд байх үеээсээ нисэх мөрөөдөлтэй байсан. Тэрхүү мөрөөдөлдөө хөтлөгдөн параглайдингийн спортыг сонирхох болсон. Хичээллэж эхлээд 1 жил болж байна.

Анх хаанаас манай спортын тухай мэдээлэл авсан бэ?

 Өмнө нь Нисэхийн чиглэлээр гадаад дотоодын курс, сургуульд суралцахаар холбогдож байсан ч тухайн үед төлбөр мөнгө , хэл усны асуудлаас болоод суралцах боломж олдоогүй. Одоо эргээд санахад тэр үед надад хоёр л сонголт байсан. Энэ мөрөөдлөө ор тас мартах, аль эсвэл өөр боломж эрэлхийлэх байлаа. Мэдээж би хоёр дахь боломжийг сонгосон юм. Учир нь энэ миний мөрөөдөл. Нэг өдөр интернэтээс мэдээлэл хайж байгаад Параглайдингийн спортын тухай мэдээлэл олж уншаад Болд багштай холбогсон юм. 

Эрсдэлтэй спорт гэдгийг сонгон хичээллэхээсээ өмнө анхаарах нь чухал. Таны хувьд нислэгийн аюулгүй байдалд юуг чухалчилж анхаардаг вэ?

 Тиймээ таны зөв. Аюулгүй байдалдаа их анхаарах хэрэгтэй болдог. Мэдээж хэрэг анх нисч байгаа нисэгчидийг хараад тэдэн шиг хурдхан л нисэхийг хүсдэг байлаа Энэ хүсэл тэмүүлэл зөвхөн надад биш эхлэн суралцаж буй хүн бүхэнд байдаг байх гэж бодож байна. Өөрийн биеээр нисээд ирэхээр аюулгүй байдлын дүрэм журамаа мөрдөөд мөн цаг агаарын маш өндөр мэдлэгтэй болдог юм шиг санагдсан.

Таны хүүхэд насны нисэн дүүлэх мөрөөдөл тодорхой хэмжээгээр биелсэн байна. Нислэгээс авдаг мэдрэмжээсээ хуваалцана уу.

 Тэгэлгүй яахав би их баяртай байдаг. Магадгүй ниснэ гэдэг тэр тусмаа өөрөө ямар нэг нь нисэх төхөөрөмжийг жолоодон ниснэ гэдэг бол тэр болгон хүн бүрт олдоод байдагүй боломж байх. Магадгүй би их азтай хүн байх. /инээв/ Миний хувьд нисэж байхад хамгийн сайхан мэдрэмж бол Нисээд бууж ирэх мэдрэмж юмуу даа юу гэж илэрхийлэхээ мэдэхгүй байна. Их сайхан мэдрэмж байдаг. 

Нисч байхдаа юу боддог вэ?

 Үнэнийг хэлэхэд анх нисч байхдаа өндөрт нисэхэд бага зэрэг айж эмээдэг байлаа. Нуугаад яахав. /инээв/ Харин одоо бол нислэг бүрээсээ суралцаж, илүү гоё мэдрэмжийг авахыг эрмэлздэг болсон.

Параглайдер бол харьцангуй залуу спорт, манай улсад дөнгөж хөгжиж байна. одоо хичээллэж буй хүмүүсийн хувьд цаашид олон боломж, ирээдүй бий. Таньд энэ спорттой холбогдох зорилго, хүсэл тэмүүлэл бий юу?

 Энэ спортын оргил болох Cross country буюу холын зайн нислэгийн нисэгч болох зорилготой. Тэр хэмжээнд очих хүртлээ энэ спортыг эх орондоо тэр тусмаа Увс аймаг Монгол улсынхаа баруун хязгаарт хөжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийнэ гэж бодож байна.  Дотоод гадаадын тэмцээнүүдэд амжилттай оролцож нутаг усныхаа нэрийг гаргах юмсан гэж боддог. 

Нисэх спорт үргэлж суралцаж байхыг шаарддаг. Өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцаж байна вэ?

 Хамт нисч буй нисэгч нараасаа суралцдаг даа. Тэдний зөвөлгөөг сонсож, хэрхэн нисэж байгааг нь ажигладаг. Мөн анх удаа улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. Энэ тэмцээнд оролцсоноор бусад нисэгчдийнхээ алдаа оноог нь харж суралцаж, их туршилга хуримтлуулж байна.

 Дашрамд хэлэхэд энэхүү тэмцээнийг зохион байгуулсан Монголын Ханглайдинг, Параглайдингийн Нийгэмлэг, Монгол Параглайдинг клуб, үргэлж дэмжиж байдаг гэрийнхэндээ, хайртай эхнэртээ, хамт нисдэг ах эгч анд найзуудаа баярлаж явдагаа хэлмээр байна. Та бүхэндээ баярлалаа.

Ярилцлагыг Б.Долгормаа