Дэлхийн агаарын спортын CAT-2 ангиллын тэмцээнээс Монгол улсын Анхны алтан медалийг эмэгтэй ангилалд Falcon клубийн тамирчин нисгэгч Б.Болормаа хүртлээ.

2024 оны 4 дүгээр сарын 19 -нөөс 21-ний өдрүүдэд Турк улсын Аланяа хотод болсон "Mediterranean Region Accuracy Competition" цэгт газардах төрлийн тэмцээнд Монголын параглайдингийн холбооны нисгэгч, улсын шигшээ багийн тамирчин Б.Болормаа амжилттай оролцож эмэгтэй ангилалд Тэргүүн байр эзэлж аваргын алтан медаль хүртсэн сайхан мэдээг хүлээж авлаа. Монголын параглайдингийн холбооны түүхэнд Дэлхийн агаарын спортын холбооны CAT-2 түвшний тэмцээнд Анхны алтан медалийг хүртсэн шинэ түүхийг бүтээжээ. Үүгээр дамжуулан Параглайдингийн спортыг сонирхон хичээллэдэг залуусын хувьд урам зориг, олон улсад өрсөлдөх боломжтой гэдгийг харуулсан сайхан үйл явдал боллоо. Цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэж Азийн аварга, Дэлхийн аваргаас алтан медаль авахыг хүсэж ерөөе.