Олон жилийн турш хийсэн ажиглалтаасаа дараахь чухал алхмуудыг олж харснаа Greg Hamerton хуваалцжээ. Түүний хэлсэн энэ замыг дагахад нисгэгч нар “томрох нь тодорхой, хөгжих нь баараггүй” аж.
1. Сайн сургалт ав. Сайн багшаас суралцсан нисгэгчид жинхэнэ ур чадварт суурилсан итгэл үнэмшлийг олж авдаг бөгөөд энэ нь насан туршид тань хадгалагдана. Бусад нисгэгчидтэй ярилцаж, шилдгүүдийг хайж ол. Сурахад хэзээ ч оройтдоггүй.
2. Клубт нэгд. Хэдийгээр параглайдинг соло спорт боловч бусдыг ажигласнаар хурдан сурна. Сайн клуб таныг сургаад зогсохгүй нислэг хийх байршил, цаг агаар болон бусад олон талаар зөвлөж, ямар нэг асуудал гарлаа гэхэд тусална. Эхний нэг жилдээ зөв хамт олонтой цуг байхын тулд хэдэн цаг машинаар явж очдог байсан ч яахав дээ. Харин очсон хойноо цагаа бүрэн ашиглах л хэрэгтэй.
3. Халин нисэх (soaring) нислэгийн цаг сайн хуримтлуул. Энэ нь хяр дээр газардах, уулан дээр газардах, далавч бүрэн унтрах (stall) цэг, “эрвээхэй” техник болон агаарт далавчаа хянах зэрэг олон чухал чадварыг олж авахад танд тусална.
4. Өөр өөр байршлуудад нис. Шинэ орчинд агаарын урсгал хэрхэн өөрчлөгдөж байгааг олж харах нь цаашид ахиж дэвжихэд тань хэрэг болохуйц дүгнэлт хийх чадварыг хөгжүүлнэ.
5. Өндөрт нис. Газарт ойрхон нисэх нь аюулгүй юм шиг санагдаж болно. Гэхдээ илүү өндөрт нисэх нь сэтгэлийн хат суулгадаг. Термал бүхий уулархаг орчинд үүнийг хийхэд хялбар байх болно. Хярын салхинд халих нь илүү аюулгүй гэж үү? Өргөгдөхийн тулд илүү хүчтэй салхи хэрэгтэй биз дээ? Бас олон хүн нисч байвал? Термалдаад сурчихвал багахан салхийг ашиглаад л өндөрт гарч чадна гэсэн үг шүү дээ.
6. SIV сургалтанд сууж, эстрим манёврууд хийж сур. Үүнийг заавал усан дээр, хангалттай өндөрт, мастер багшийн удирдлаган доор хийснээр далавч нурахад сэргээх, G-force гэж юу болох, чиглэлээ алдах, осол аваар болоход хийх хариу үйлдлүүдийг хамгийн аюулгүй орчинд сурна. Энэ нь “хэрэв тэгвэл яах вэ?” гэсэн ойлгомжгүй айдсаа давж, өөртөө итгэлтэй болоход тань тусална.
7. Далавч хэрэгслээ ахиул. Урт нислэгт podharness тав тухыг хангах бол High B далавчны хурд, гулсалт илүү учир кросскантри нислэгийн орчныг танд улам л ойртуулна. Агаарын орон зайг тэмдэглэсэн, газрын зураг бүхий нислэгийн төхөөрөмжүүд ашиглаж сур. Ангилал ахихад бэлэн болсон үедээ л ахиул. Хэрэв хамаагүй эрт ахиулвал харин ч бур арагшаа ухарна. Өмнөх далавч хэрэгслээ бүрэн дүүрэн эзэмшсэнийн дараа л ангилал ахиулаарай.
8. Кросскантри нислэг хий. Эхэндээ “хөөрхөн жижигхээн” байж болох ч “дассан газрын даавуу зөөлөн” гээд л нэг газраа нисээд байснаас илүү ихийг танд өгнө. Хэрэв өөрийн тань байгаа газар тийм боломж байхгүй бол нислэгийн өөр байршлууд дээр очиж, бусдыг даган ниссэнээр суралцаж болно шүү дээ.
9. Тэмцээнд оролц. Энэ нь нислэгийнхээ юун дээр нь түлхүү ажиллах шаардлагатай байгаагаа мэдэж авахад тань тусална. Тодорхой өгөгдсөн даалгавар (task)-ын дагуу нисэхдээ өөрийгөө бусадтай харьцуулж, хэмжих боломжийг танд олгоно. Бас аялах, шинэ хүмүүстэй танилцах, урам зориг олж авах сайхан арга зам биш гэж үү?
10. Адал явдал эрэлхийл. Альпийн уулан дахь нислэгийн байршлуудын талаар найдвартай мэдээлэл бүхий ном, газрын зураг олж аваад найзынхаа хамт чөлөөт нислэгийн аялалд гарч яагаад болохгүй гэж?
Эдгээр үе шат бүхнийг эхнээс нь дэс дараатай хийснээр та нисгэгчийнхээ хувьд өсч хөгжих бөгөөд аль ч шатанд мэдлэг, мэдээлэлтэй байх нь хамгаас чухал.
Англи хэлтэй нисгэгч нар маань https://flywithgreg.com сайтаас хэрэгтэй олон мэдээллийг авч, Грег Хамертоны онлайн академид суралцаж болохоос гадна Youtube сувагтаа долоо хоног бүр оруулдаг ийм бичлэгүүдээс нь их зүйл суралцаж болохоор юм байна шүү.
Орчуулсан Ч. Туул