ХЭРХЭН “АНГИ ДЭВШИХ” ВЭ?

Нисэж буй далавчаа хайрла! Танд баяр хөөр бэлэглэхгүй далавчаар нисээд яах билээ?

Та яагаад ангилал ахиулахыг хүсэж байна вэ? Мэдээж, илүү сайн гүйцэтгэлтэй байхын тулд! Харин яаж ахиулах вэ? Өөрөөсөө асуу! Та бэлэн үү?

En-A ба En-B ангилал

0-50 нислэгийн цагтай нисгэгч нар En-A болон En-B (low to mid) ангиллын далавчаар анхан шатны ур чадваруудыг өөртөө суулгах нь хамгийн зөв. Эхлэн суралцагчаас нисгэгч болох замыг туулахад үүнээс шилдэг арга байхгүй. Ингэхдээ байнга уншиж, өөрийгөө хөгжүүлж, өөр өөр байршлуудад нисэж, ямар ч нөхцөлд гараа хийх болон газардах техникээ гартаа оруулж ав.

50 цаг термалдах, эсвэл хярд халин нисэх 100 цагийн нислэг хийсний дараа л En-B (high) руу шилжих талаар бодож эхэл. Энэ үед та кросскантри нислэгийг илүү их сонирхох болсон ч танил бус замаар нисэх, эсвэл жаахан эвгүй нөхцөлд орлоо гэхэд 100 хувь итгэлтэй болоогүй байна гэсэн үг. Тиймээс цааш ахихаасаа өмнө En-A болон En-B (low to mid) дээрээ SIV сургалт авах хэрэгтэй.

En-B-ээс En-C рүү

Термалд 100 цаг ниссэний дараа (өдөржингөө агаарт тогтож чаддаг болсон хойноо) л илүү хурдтай, сэгсрэлттэй агаарын орчныг түргэн гатлах чадвартай далавч руу шилжихэд та бэлэн болжээ гэсэн үг. En-C ангиллын далавч бол удирдлагад маш мэдрэмтгий байдаг. Учир нь En-B шиг баахан хязгаарлалтууд тавигдахгүй учир дизайнеруудыг “хойш нь чангаах” зүйл байхгүй. Хурдан шаламгай байдал, эрх чөлөө, жинхэнэ нислэгийг мэдрүүлнэ. Харин энэ ангиллын далавчаар нисэх нисгэгч далавчныхаа хөдөлгөөн бүрийг урьдчилан таамаглаж, зөв хариу үйлдэл хийх чадвартай болсон байх тул аюулгүй байдал 100 хувь нисгэгчийн хариуцлага байна.

En-D ба түүнээс дээш

Термалд 200 цаг ниссэний дараа, хэрэв та жилдээ доод тал нь 100 цаг нисдэг бол En-D ангилал руу шилжих тухай бодож болох юм. Үнэхээр том уулын том агаарт, олон цагаар, хурдан шилжилтүүдтэй нислэг хийх зорилго тавьсан бол “кросскантри машин” гэж нэрлэгддэг En-D ангилал руу шилжээрэй. Харин тийм биш бол En-C байхад хангалттай.

Харин XC тэмцээнүүдийн топ 10-т бичигдээд, медалийн тавцан ойрхон харагдаад эхэлвэл CCC ангилал буюу тэмцээний далавч сонирхож болох юм. Маш өндөр ур чадвар шаардах учир жил бүр хангалттайгаас давсан хэмжээний нислэгийн цаг хуримтлуулж, мөн жил бүр SIV сургалт хийхээс гадна далавчиндаа тогтмол үзлэг, үйлчилгээ хийлгэж байж л “ид шидийг нь үзнэ” дээ.

Хэзээ ангиллаа ахиулахад тохиромжтой вэ?

Нислэгийн улирлын дунд үед. Яагаад гэвэл нислэгий цаг овоо хуримтлагдаад эхэлсэн байхаас гадна ур чадвар ч нэмэгдсэн байх үе юм. Хавар далавчаа ахиулах нь тийм ч сайхан санаа биш. Яагаад гэвэл өвөл нислэгийн цаг хязгаарлагдмал байснаас ур чадвар багасаж, хаврын хуйсгануур нөхцөлд шинэ далавчтай нүүр тулах болно. Харин намар шинэчлэхэд бас боломжийн байж болно. Учир нь нислэгийн улирал дуусах үед ур чадвар нилээд сайжирсан байхаас гадна хавар хүртэл шинэ далавчтайгаа нилээд танилцаад авна гэсэн үг.

Хэзээ далавны ангиллаа доошлуулах вэ?

Ангилал бууруулах талаар хэзээ бодож эхлэх ёстой вэ? Нас нэмэгдэхийн хэрээр хариу үйлдэл үзүүлэх хугацаа уртасдаг. Тиймээс аюулгүй байдлаа илүү хангаж, En-B рүү буцаад шилжих нь ухаалаг шийдвэр болно. Эсвэл жилд 100-аас доош цаг нисдэг болсон бол ангилал доошлуулах нь эрсдэл, стрессийг тань багасгана.

Та ямар ч далавч сонгосон бай, түүндээ үнэн сэтгэлээсээ ДУРЛА! Нүүрэнд тань инээмсэглэл асаахгүй “мундаг” далавчаар нисэхэд амьдралын цаг мөч бүхэн хайран шүү дээ.

Жич: https://flywithgreg.com/programs/podcast-upgrading подкастаас илүү их мэдээлэл аваарай.

Орчуулсан Ч. Туул