big ears: үгчилбэл: том чихнүүд. Манайхан “чих тавих” гэдэг. Параглайдерын хоёр үзүүрийг зориуд нураах замаар далавчны талбай болон өргөлтийг багасгаж, хурдан доошлох арга.
blown out: Хэт их салхитай. Үнэхээр их салхитай бол уулнаас хөлөөрөө буусан нь дээр дээ.
bounce: ойж буух. Параглайдераар ширүүн газардах
bullet thermal: суман термал. Агаарын даралт өндөр байх үед голдуу үүсдэг хурд ихтэй, шахсан агаартай, хурц ирмэгтэй термал
bump tolerance: донсолгоонд тэсвэртэй. Агаарын ширүүн урсгал, термалд нисэх, давж гарах чадвар
chuck off the hill: довцогоос түлхэх. Сургагч багш нар шинэ сурагчдаа гараанаас гарахад нь туслахыг шогчлон ингэж хэлдэг. Манайхан бол “амбаардах” гэдэг үү, үгүй юу?
cloud street: үүлний гудамж. Хэдэн километр цувран үргэлжлэх бөөн үүлсийн доогуур чадварлаг нисгэгч нар холын зайд нисч чадна.
core up: гол цөм дээшээ. Термалын төвд буюу өргөлт хамгийн ихтэй хэсэгт тойрог хийж нисэх, ингэснээр хурдан дээшилнэ.
crispy: шаржигнуур. Шинэ далавчны материал хатуу, шаржигнуур байдаг. Хэрэв жилийн дараа тийм хэвээрээ байвал та хангалттай нисэхгүй байна гэсэн үг.
cu’s: Кумулус буюу хөвөн шиг хөвсгөр, цагаан бөөн үүл. Халсан агаар дээш дэгдээд хөрж эхлэхэд түүнд хуримтлагдсан чийг конденсацид орж, ийм үүл үүсгэнэ. Өргөлт сайн байгааг харуулна.
cycle: Цикл: далай, тэнгисийн давалгаа шиг термал болон түүнээс үүсэх салхи ч циклээр явагддаг. Нисгэгчид донсолгоонд хэр тэсвэртэйгээсээ хамаараад хүчтэй, эсвэл сул циклийн үед гараа хийхээр хүлээдэг.
death spiral: үхлийн спираль. Зөвхөн параглайдерт хамаатай. Маш хүчтэй спираль шумбалт хийж, газар бараг шүргэх хүртэл бариад эцсийн мөчид спиралиас гарахыг хэлнэ. Үзүүлбэр үзүүлдэг нисгэгчид л үүнийг хийнэ. Хэрэв спиралиас нэг л секунд хоцорч гарах юм бол эрүүл мэнд, амь насаараа хохироход хүргэх аюултай.
down cycle: доошлох цикл. Термалын идэвх буурч, нисгэгчид термалаас сугарч өндрөө алдах үе. Flushed гэдгийг хар.
epic: “Тасархай” нислэг болон нислэгийн нөхцөл. “Epic glass-off, man!” “Тасархай өргөлт байна шүү, гөхшөөн!”
flushed: үгчилбэл: 00-ын усаар татагдах. Дээшээ гарсан бүхэн харамсалтай нь доошлох цаг ирдэг. Ялангуяа гулсалтын харьцаа (glide ratio) 8 (12, 15):1 байхад. Тэнгэрээр дүүрэн далавчнууд байж байтал гэнэт л өргөлт хаашаа ч юм алга болж, бүгдийг нь доош “00-ын ус татсан мэт” л буулгаж орхино доо.
foamie: Хөөс. Праглайдерын суудалд хийж өгсөн 5” зузаан хөөсөнцөр хамгаалалт bounce хийх үед таны нурууны сайн найз болох бий вий.
glass-off: Тааламжтай, шил шиг толигор өргөлт. Уулархаг газар орой эртхэн тохиолддог. Хөндийд хуримтлагдсан дулаан агаар дээш хүйтэн атмосфер луу зөөлөн дэгдэхэд үүснэ. Нислэгийн нөхцлүүдийг хоолны менюнд оруулвал glass-off бол крем брюле л гэсэн үг.
honkin’: Маш хүчтэй салхитай.
LZ: Landing zone. Газардах бүс. Газардахаасаа өмнө тийшээ зүглэсэн нь ер нь давгүй санаа шүү.
launch potato: үгчилбэл: гарааны төмс. Гараан дээр дарааллын эхэнд оччихоод хүмүүсийг хүлээлгээд л, бараг тэндээ “үндэслээд ургаад” байдаг хэн нэгэн байдаг л биз дээ? Тэр нөхрийг л хэлээд байгаа юм шүү дээ.
locals: шогчилбол: нутгийн индиан. Халин нисэх чадвартай, тухайн орон нутгийн амьд биетэн. Шувуу л гэнэ биз дээ, хаха. Шувууд далавчаа дэвэхгүй нисээд байвал хөөрхий “хүн төрөлтөн” ахан дүүс нь ч бас халин нисэх боломжтой нөхцөл бүрджээ гэсэн үг. Гарааны ойролцоо “нутгийн индианууд” хальж байхыг харсан нисгэгчид яаран далавчаа дэлгэж эхэлдэг байгаа шүү.
magic air: шидэт агаар. Маш өргөн хүрээтэй, зөөлөн өргөлт. Хэн ч зовохгүйгээр, ид шидийн мэт тогтоод байж болохоор тийм сайхан. glass-off-ыг хар.
parawaiting: үгчилбэл: пара хүлээлт. Нислэгт тохиромжтой цаг агаар хүлээж, хэдэн цагаар ч хамаагүй гарааны талбай дээр суух хугацаанд хийдэг параглайдингийн спортын хавсралт төрөл
parked: үгчилбэл: зогсоолд тавигдсан. Өөдөөс салхитай үед параглайдер урагш давшихгүй, тулаад зогсчих үе.
pound: донслох. bounce-аас ч ширүүн газардах.
ridge soaring: Нуруу дагаж халих. Үндсэн салхи уулын хярыг очиж мөргөөд, дээш чиглэлтэй өргөлт үүсгэдэг. Ийм өргөлтөнд орж, нурууг даган дээш, доош халин нисэхийг хэлнэ. Ийм механик буюу динамик өргөлтөнд нисгэгчид хэдэн цагаар ч халин нисэх боломжтой. Тиймээс зарим хүмүүс “ridge boring” гэж хэлэх гээд байдаг шүү.
rotor: эргүүлэг. Агаарын урсгал замд орших том саад (уул, нуруу)-ыг дайран гарахад нөмөр талд нь агаарын эргүүлэг үүснэ. Тийшээ очих хэрэггүй л болов уу. Нээрээ шүү!
run, run, run: Гүй, гүй, гүй. Гараа хийж буй нисгэгчийг зоригжуулан хэлэх үг. Заавал 3 удаа л давтана.
scratching: үгчилбэл: маажих. Газартай их ойрхон нисэх.
sled ride: чаргаар гулгах. Гараанаас гараад өргөлт олж чадалгүй шууд газардахаас өөр замгүй болох нислэг. Үгүй яахав ээ, бас ч гэж агаарт гарсан шүү дээ
sink: живэлт. Өргөлтийн эсрэг утга. Хэсэг агаарын масс термалд дээш дэгдэхэд ойр орчмын агаар нь тэр орон зайг эзлэхээр доошилдог. Өргөлт олчихсон байгаа нисгэгчийн үзэн яддаг зүйл нь дээ.
sink out: Живэлтэнд өртөөд газар луу экспресс “цахилгаан шат”-аар буухыг хэлнэ.
sky god or goddess: Тэнгэрийн бурхан. Бусад бүх хүн flushed болчихоод байхад нэг хүн л тэндээ тогтоод, бүр өргөгдөөд байвал тэр тэнгэрийн бурхан мөн биз дээ?
sky out: их өндөрт өргөгдөх
speck out: хэт өндөрт өргөгдөх. Газраас харахад жижигхэн толбо шиг харагдана.
tossing the laundry: үгчилбэл: угаасан юмаа шидэх. Нөөц шүхрээ шидэх.
trashy: новшийн. Тогтворгүй, сэгсрэлттэй агаар. Өргөлт бараг байхгүй, fun ч байхгүй гэсэн үг.
tree landing: модон дээр газардах. Ихэнх нисгэгчид ер нь жийрхэнэ дээ. Харин ой мод ихтэй нутгийн нисгэгчид бол өдөр тутам хийдэг л зүйл гэх вий. Бас орон нутгийнхаа онцгойнхонтой найзлахад гэмгүй л гэлцдэг юм байна лээ.
turn on: асаах. Огт салхигүй үед жаахан өргөлт авчих салхи гараасай гэж нисгэгч нар хүлээдэг. Салхи гарвал “turn-on” гэсэн үг.
washing machine: үгчилбэл: угаалгын машин. Rotor-ыг хар.
white room: цагаан өрөө. Үүлэн дунд орохыг “цагаан өрөөнд” орох гэнэ. Энэ нь хууль бусаас гадна маш аюултай үйлдэл.
wonder wind, wondering: Гайхалтай салхи, тасархай гоё өргөлт. glass-off, magic air-тай адил утгатай.
USHPA-ийн вэбсайтаас чирч ирээд, монголчлон хүргэсэн Ч. Туул